Хүмүүс яагаад амжилт олдоггүй вэ?


  Арилжааны талаар бичихээс илүүтэй хүмүүс яагаад мөнгөө алдаж зарим нь арилжааг үүрд орхих болдгыг бичих нь илүү дээр болов уу!



  Юүны өмнө арилжаа зохихгүй хүмүүс гэж байна.
 -Хөөрүү сандруу
 -Бусдын үгэнд автамтгай
 -Хэт шуналтай
 -Өөрийн гэсэн үзэл бодолгүй гэх мэт зан араншинтай хүмүүс энэ арилжаанд оролцоод дэмий. Ийм хүмүүс зүгээр л мөрөөрөө амьдарсан нь дээр. Нэгэнт л өөрийгөө бие хүн гэж бодсон цагаас бий болсон суурь хүмүүжил нь тухайн хүны амьдралын насан туршийн төлөвшил болдог мэт. Ерөөс муу суурьтай байшин хичнээн гоё сайхан харагдавч нэг л шуурганд нурах тавилантай байдаг шиг муу төлөвшил хүмүүжилтэй хүмүүс хичнээн сайхан юм хийсэн ч эцсийн дүндээ доошоо уруудах л заяатай мэт. Эсрэгээрээ зөв хүмүүжил сайн төлөвшилтэй хүмүүс амьдралын ямарч хүнд хэцүү цохилтыг даван гарах дархлаа нь тухайн хүны гененд бичигдсэн байдаг болов уу гэмээр санагдах юм.

  Тиймээс дан ганц форекс гэлтгүй ямарч бизнес хийсэн эхлээд энэ ажил надад тохирох болов уу? би энэ ажлыг хийж чадах болов уу? гэж өөртэйгөө ярилцсан нь хамгийн зөв зам юм!


  Дараагийн алхам бол арилжааны талаар зөвлөгөө өгч, зааж сургах хүнээ зөв сонгох.

  Хэрвээ бие даан судалж байгаа бол багагүй цаг хугацаа зарцуулагдана. Тийм болохоор ганц удаа ч болтугай мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахад гэмгүй. Гэхдээ тухайн зааж, аль эсвэл зөвлөж байгаа хүн нь өөрөө арилжаачин байх ёстой. Зүгээр бэлдсэн хичээлийг зааж байгаа хүн, өөрөө хэдэн жил оролдоод арилжааны учрыг олсон хүн 2 шал өөр ойлголт юм.

  Зүгээр бэлдсэн хичээлийг зааж байгаа хүмүүс бол зөвхөн онолын талаас тайлбарлаж чадахаас, түүнийгээ арилжаанд ашиглаад мөнгө хийж чадахгүй. Ийм хүмүүс Монголын гэлтгүй ихэнх клубуудын 80-90 хувийг эзэлдэг. Тэдгээр хүмүүсийг ялгах маш амархан. Сүүлийн 1 сарын арилжааны тайлангаа харуулахыг хүсэхэд л хангалттай.

  Мэдээж сургалт явуулж байгаа жинхэнэ наймаачид сургалтанд сууж байгаа хүмүүстээ зориулж ямар нэг арилжааны данс бэлдсэн байх нь зүйн хэрэг. Мөн дараагийн чухал зүйл бол төлбөр. Арилжааг хийж чаддаг хүмүүс хэзээ ч өөрийн оюун ухаанаа хямдхан үнэлдэггүй юм. Хэрэв форекс сургалтууд хямдхан, эсвэл үнэгүй байна гэж бодож байгаа бол үнэгүй юм зөвхөн хулганы хавханд байдаг гэх мэргэн үгийг санаарай. Хямдхан бараа хэзээд үнэ шигээ чанаргүй байдаг болохоор хямдхан сургалтууд мөн адил хэзээд үнэ шигээ хямдхан байна гэдгийг мартаж болохгүй.

  Хэдийгээр жинхэнэ арилжаачид төдийлөн хүмүүст арилжааны талаар хэлж зааж, тайлбарлаад байхгүй ч нэг заавал маш цөөхөн хүмүүст ганц нэгхэн удаа л чанартай юм заагаад нүүр бардам сууж байхыг илүүд үздэг юм. Эцсийн эцэст уулын оргилд гарах замыг оргилд гарч байсан хүмүүс л мэддэг шиг, уулын оргилд гарч үзээгүй хүмүүсээр газарчлуулж сүйрч байснаас, өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийг санаж биеэ дааж судалсан нь хавьгүй дээр юм.



  Арилжааны аргачлал

  Намайг өөрийн мэддэг арилжааны аргачлал буюу стратегиудаа бич гэвэл хөл гарын 20 хуруунаас хол илүү давна. Гэхдээ намайг анх суралцаж байхад эдгээр аргуудын алин ч тус болоогүй. Чин үнэн гэвэл ийм л байна. Дэлгэц дүүрэн индикатороос, чартаа харагдахгүй болтол шугам зураг зурж байлаа. Сүүлдээ арилжааны дансны битгий хэл демо дансны ч мөнгө өсөхгүй болохоор арилжаа хийх ямар ч дур сонирхолгүй болчихдог юм. Гэхдээ хааяа хааяадаа нэг олноо. Бүр сайн ч олох үе байна. Гэвч эцсийн дүндээ данс хасах заана. Дахиад л цэнэглэнэ, 7 хоногийн дараа бас дахин цэнэглэнэ, хааяадаа нэг мөнгө татна...

  Үүний дараа чухам арилжаа гэж юү вэ гэдгийг өөрөөсөө асуусандаа. Тэгээд эцэст нь бүх мэддэг стратегиудаа бүгдийн хаяхаар шийдсэн! Одоо бодоход анх хийсэн 3 жил миний хувьд дарамт шахалт биш, яг л шалгалт шиг даван туулах нэг даваа байсныг ойлгож level 1-c level 2-руу орох дамжлага байжээ гэж бодогддог юм.

  Тийм болохоор хангалттай мөнгө олж чадахгүй, тэгээд өөрөө ч ойлгохгүй баахан шугам зураг зурж байгаа бол арилжаагаа зогсоогоод, өнгөрсөн хугацаанд хэр үр дүнтэй ажилласнаа бодоод нэг үзээрэй. Арай level 1 дээрээ эргэлдсээр байгаа юм биш биз?


  Эцэст нь хөрөнгө оруулалт

  Нэгэнт тодорхой туршлага хуримтлуулсан бол арилжааны данс нээж арилжаагаа эхлэх нь зүйн хэрэг. Харин дансандаа мөнгө хийхдээ хэзээ ч өөрийн амьдрал болон санхүүд хүндрэл үүсгэх хэмжээний их мөнгө хийж болохгүй. Гагцхүү алдлаа бол хойноос нь инээж чадахуйц л мөнгөөр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдгийг ямагт санаж яваарай!