Суурь буюу фундаментал шинжилгээний арилжаанд оролцох үүрэг нь ханшийн дунд болон урт хугацаанд хөдөлж болох ерөнхий чигийг гаргаж өгдөг юм. Гэсэн хэдий ч хөшүүрэг ашиглах аливаа арилжаанд суурь шинжилгээг шууд ашиглах нь учир дутагдалтай.
Энэхүү шинжилгээний ажиллах зарчим нь мэдээ гарснаас хойш ханш тогтсон чиглэлрүү явж эхэлнэ гэсэн энгийн нөхцөлтэй ч хөшүүрэг ашигладаг арилжаачдын хувьд зарим тохиолдолд таамаглаж байснаас эсрэг чиглэлд хөдөлгөөнд орж байдаг. Дээрх нөхцөлд суурь шинжилгээ буруу байна гэхээс илүүтэй арилжааны хөшүүрэг нь суурь шинжилгээний биелэгдэх нөхцөл хүртэл дансыг барьж чадахгүй байгаа хэрэг юм.
Гэхдээ энэ нь буруу биш бөгөөд суурь шинжилгээний онцлог нь дээр бичсэнчлэн ханшийг дунд болон урт хугацаанд хөдөлж болох ерөнхий чигийг гаргаж өгч байгаараа бусад шинжилгээний аргуудаас ялгардаг юм. Дээрх шинжилгээг хөшүүрэгтэй арилжаанд ашиглах хэд хэдэн нөхцөл байдаг ба заримаас нь дурдваас:
-Зөвхөн суурь шинжилгээгээр арилжаанд оролцож болохгүй.
-Суурь шинжилгээний ач холбогдол ихдээ 40%
-Суурь шинжилгээ нь техник болон бусад шинжилгээнээс зөрж болно.
-Мэдээ гарах цагаар арилжаа нээхгүй байх гэх мэт.
Суурь шинжилгээний тухай
Техник шинжилгээг валют арилжаанд ашиглах нь.
Техник шинжилгээ хэдийгээр маш олон төрөл байдаг ч нэг суурь чартан дээр хийгддэг бөгөөд, эцсийн дүн нь тухайн ханш дээш эсвэл доош гэсэн 2хон сонголтонд захирагдаж байдгаараа онцлогтой. Тухайн арилжаачин өөрийн мэддэг арга аргачлалыг ашиглан чартан дээр техник анализ хийж эцэстээ ханш доош явна гэсэн дүгнэлтэд хүрэх бол өөр хаа нэгтээ өөр нэг арилжаа эрхлэгч ханшийг дээш явна гэсэн дүгнэлтийг мөн гаргаж байдаг. Эцэстээ тухайн 2 арилжаачны нэг нь ашиг авах ч дараагийн удаа мөн өөрийн өмнө хийж байсан техник анализаа яг тухайн нөхцөл байдалд ашиглан гаргасан шийдвэр нь алдагдлыг авчрах тохиолдол бишгүй их байдаг билээ.
Энэ нь тухайн арилжаа эрхлэгчийн хийж буй техник анализ буруу байна гэхээс илүүтэй тухайн хослолын онцлогоос шалтгаалж харилцан адилгүй үр дүн гарч байгаагаараа ялгаатай юм. Хослолын онцлог буюу сонгогдсон 2 валютын ханш хэрхэн хөдлөх эсэх нь техник шинжилгээнд захирагдахаас илүүтэй өөр өөрсдийн цаг хугацааны болоод, тухайлсан нэг бүлэг валютын ханшийн эрчимжих хөдөлгөөний мөчлөгөөс хамаарч буй бөгөөд техник анализаар үүсч буй дээш, аль эсвэл доош гэх шинж тэмдэг нь тухайлсан нэг хослолын хөдөлгөөнийг илэрхийлэхэд учир дутагдалтай юм.
Эндээс үзэхэд арилжааг алдагдалтай болгож буй зүйл нь техник болон фундаментал мэдээлэл гэхээс илүүтэй арилжааг цогцоор нь ойлгож чадаагүй арилжаа эрхлэгчийн алдаатай шийдвэр гэж ойлгож болох юм. Хэдийгээр техник шинжилгээг хичнээн зөв хийсэн байсан ч тухайн үеийн арилжаанд алдагдалтай оролцож, хэсэг хугацааны дараа ажиглахад өмнөх үед хийж байсан техник анализ нь яг таамаглаж байсных нь дагуу явсан байх тохиолдол олон хүнд ажиглагдаж байсан гэж бодож байна. Энэ нь үндсэн 2 шинжилгээний зөв буруу гэхээс илүүтэй хөшүүрэг ашиглан оролцож буй арилжааны мөн чанарыг ойлгоогүй, мөн мөнгөний менежментийн болоод сэтгэл зүйн онцлогтой холбогддог юм.
Хөшүүрэгтэй арилжааг амжилттай болгоход үндсэн 2 бус, үндсэн 3 төрлийн шинжилгээг ашигладаг бөгөөд нийт арилжаа эрхлэгчдийн 90 хувь нь энэ талаар ойлголтгүй байдаг нь энэ төрлийн арилжаа сонирхогчдын 90% нь алдагдалд орж арилжааг орхиход хүрдэг гэх үгний тайлал болж байдаг юм.

